Монгол туургатны морин хуур хэмээх энэхүү хөгжимд олон үндэстэн ястны маань оюун санаа, зан үйл, ёс зүйн дэг, аж төрж амьдрах ухаан нэвт шингээстэй байдаг нь язгуур төрхөөрөө яахын аргагүй хорвоод хосгүй Монгол үндэстний хөгжмийн зэмсэг болой.
Морин хуурын бүтцэд Монголчуудын шүтээн болсон хүлэг сайн морьдынхоо бүхий л шинжийг цогцлуулан шингээж өгсөн нь морио дээдэлдэг Монгол хүмүүний сэтгэлийн тэнгэрлиг ухаан, эр зоригийн эрч хүч, ямагт урагшлан тэмүүлэх хийморлог хүсэл мөрөөдлийн билэгдэл гэлтэй.
Монголчууд газар тэнгэрийн савслагад оршин ахуйд хүлэг ажнай мориороо сэтгэл уужран цэлгэр талаасаа гараалж, өндөр их сүрлэг хангай, мөнгөн дуулгат уулсын оргил өөд тэмүүлж, тэндээсээ хязгаар нь үгүй хан тэнгэр өөд цойлсон босоо тэнхлэгтэй хуурынхаа уян налархай эгшиглэн, төв эрхэмсэг намба төрхөнд уяран хайлж, баясан бадарч байдгийн учир бидний монголчуудын сэтгэлгээний нарийн нандин учир зүйтэй холбоотой хэмээн бодном. Ил учир Морин хуурын бүтцийг дараах хувилбараар төсөөлөөд үзье.
1. Ажнай хүлгийнхээ эрдэнийн толгойг орой дээр нь дээдлэн залжээ.
2. Хуурын хоёр чих нь домгийн хүсэл мөрөөдөл болсон морины жигүүр буюу гуурст хүлгийн санааг агуулж, хөглөгөөний давхар үүргийг гүйцэтгэдэг.
3. Хуурын гол нуруу болсон иш нь уг хөгжмийн эд эсийг өөр хооронд нь шүтэлцүүлэн зангидаж өгсөн нь морин хуур хэмээх бүхэл бүтэн цогц ойлголтыг өгч байна.
4. Хуурын цар нь хүлэг морьдын далыг санагдуулсан дөрвөн хашлага бүхий хөндий царыг гаргасан нь дуун ухааны эгшиглэгээний хуримтлагдан дуурсах сан хөмрөг ажээ.
5. Гэтэл хүлэг морьдын зурайсан хавиргыг санагдуулам нум нь хөвчлөн татсан хялгас хос хоёр чавхдасны үрэлтээр үүсэх эгшиг дууны гаргалгаа юм.
6. Хуурын дээд доод хоёр тэвх нь морины араа шүдийг санагдуулавч, хуурын чих тэвхний байршлаар хөдөлгөөний өнгө аясыг тохируулна. (Үүнд давирхайг хэрэглэдэг)
7. Харин хуурын ар модон цар, доод тэвхний (ширний дотор) доод талыг нь холбосон хөндлөн нарийн мод байрлуулсан нь тоглолтын үед даралт үүсэхэд хотойлгохгүй гэсэнтэй холбоотой ажээ. (үүнийг душк ч гэдэг) Энэхүү хөндлөвч модны душкны эсрэг талд дуу тэнцүүлэгч байрлуулсан ч байдаг.
8. Хуурын царын нүүрэн талыг нэгэн үед их төлөв ширээр хийдэг байсан бол орчин үед маш нарийн нимгэн хушийг хөглөн хийдэг болсон юм. Энэхүү царыг шүдлэн ямааны цавьны арьсыг татаж хатаагаад дахин дахин дэвтээж, сунгаж чинээнд тултал нь нимгэн болгоод (элдэншүүлж) цар хийдэг байсан. Харин хуур болон хуучрын царны бүрээсийг үхрийн үнхэлцэгний хальс, давсгаар хийж байсан мэдээ бий.
9. Хуурын чавхдасыг хангал сайхан залуу морины сүүлний дотор талын нарийн ширхэгээс сонгон авч хийдэг бол орчин үед нийлэг эдээр хийдэг болсон.
Хуурын ар өвөр царыг холбосон тэвх (царын дотор талд доод тэвхний чигтэй дор тоглолтын үед гар хурууны даралтаас хамгаалах, мөн хөг тохируулахад хэрэгтэй)

1. Морин толгой
2. Дээд чих
3. Доод чих
4. Дээд тэвх
5. Иш
6. Грил
7. Чавхдас
8. Чавхдас
9. Доод тэвх
10. Сойлт
11. Сойлтны угсаа
12. Нум
13. Нумны чавхдас
14. Цар
Эх сурвалж: Морин хуур эхлэн сурах бичиг 2013 он