Их хэл

Ард түмний дунд хөгжмийн аялгууг бүх юманд нэвтрэн нөлөөлж болох өвөрмөц “хэл” гэж үздэг үзэл бий. Баруун монголчууд дээр дурдснаар морин хуурыг “энкэл” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нэрний тухай сонин тайлбар бий. Малчин ардууд үр төл нь үхэж үрэгдсэн эх малыг хайдагшуулах юмуу, гологдсон төлийг эхэд нь авахуулахдаа ямагт хуур хөгжим татаж аялгуулан дуулдаг байна. Тэгээд хүний хэлээр үглэн ятгаж чадахгүй байхад хөгжмийн хэлээр адгуус малыг ч уяраан ятгаж болдог юм байна гэж ухаараад хүний хэл бол “бага хэл”, хөгжмийн хэл бол “их хэл” гэсэн утгааср “экэл” нэрийг өгсөн гэлцдэг байна. Энэ тайлбар нь үгийн гаралзүйн хувьд бус, хөгжмийн аялгууг юм бүхэнд нэвтрэх чадалтай хэмээн эртний домгийн сэтгэлгээний үүднээс ойлгож байгаа нь сонирхолтой юм.

Хуур хөгжим хүн амьтан төдийгүй, уул ус, ургамал, амьтан, нүдэнд үзэгдэх, үл үзэгдэх, бүхнийг сэргээн өөдлүүлж, үхэл тахлыг ч арилган чадна гэж хуучин цагт үздэг байжээ. Хуур хөгжмийн дуу үгүй газар хэл ам, хэрүүл цуугиан ихтэй, томчуул цухал бачим, хүүхэд айлгамхай, уйлхай байна гэж хэлдэг. Малчин айлын хайртай морь мал нь үхэж үрэгдэх гарз хохирол их гарахын хамт “огторгуйн үүд хаана” хэмээн хуур хөгжим дуугарган гай түйтгэрийг зайлуулдаг сонин зан үйл байжээ. Урианхай нар жил бүрийн шинийн нэгнээс шинийн гурваныг дуустал гурван хоног цуур үлээж, ирэх жилийн гай гарзыг хөөдөг заншилтай байсан аж. Хуур татдаг айлд сайн агт морь, сайн атан тэмээний буян хишиг тогтоно ч гэж хэлэлцдэг байна.

Эх сурвалж: Монголын соёл урлаг судлал, С.Дулам Хуур хөгжмийн үүслийн домог, зан үйл, бэлгэдэл