Морин хуур ба амьдрал

Өнө эртнээс монголчуудын эзэгнэж ирсэн уугуул нутаг, суугуул буйр нь дэндүү уужим. Энэхүү газар нутаг нь хангай тал хээр, говийн гурвалсан бүс нутагтай юмсанжээ. Энд дээрхи тэнгэр нь цэлмэг хөх, мандах нар нь гал улаан, зун нь нов ногоон, намар нь алтан шаргал, өвөл нь танан цагаан, таван тансаг өнгө гэрэлтэй, уран байгаль уул ус нь алаг цэцэгсийн гоо төгөлдөр ариун дагшин орон мөнөөсөө мөн.

Төрөлх нутагтаа аж төрж, амьдран буй хүн ард, эгшиглэнт дуу цуурайтсан таван эрдэнийн сүрэг мал, цэнгэг агаар, салхинд долгилох нуурын усны давалгаа, түмэн зүйл шувуудын уран жиргээ, ан амьтдын урамдан тагших нь эгэл яруу тунгалаг симфони найрал хөгжим гэхээс өөр юу гэж хэлэх билээ. Ийм нутагтай монгол хүмүүний дуулах дуу нь уянгалаг, хөгжимдөх хөгжим нь эгшиглэнтэй байхаас ч аргагүй. Тэгээд ч дуу хууранд нь монгол овогтны зан үйл, ёс зүй, амьдрах ухаан нэвт шингэсэн энэрэхүйн нинжин сэтгэлтэй, төв эрхэмсэг намба төрхтэй, уужим холч ухаан, хөдөлмөрч гүндүүгүй чанар нь өвөг дээдсээс улбаатай билээ.

Ийм ард түмний оюун ухаан, авьяас билгийн хураар нүүдэлчин ардын соёл иргэншлийн гүнээс “Морин хуур” хэмээх эгшиглэнт хөгжим үүдэн гарч өнөөг хүртэл бид бүхний дээдлэн хүндэтгэдэг айл гэрийн шүтээн болсон байнам. Үүнд:

– Морин хуур нь бүтцээрээ эрдэнэт ажнай хүлгийн бүхий л шинжийг өөртөө агуулснаараа яах аргагүй монгол төрхтэй.

– Эгшиг дууны хувьд хэдийгээр хоёрхон чавхдастай ч уянгын сайхан халилтай учир хүн төдийгүй малаа хүртэл ээнэгшүүлэх далд нэгэн сэтгэлгээтэйн дээр хүмүүнийг уяраан догдлуулах увидастай.

– Үгийн уран хэллэгтэй эвсэлдэн нэгдэж, хүн, байгаль, нийгмийн олон талт үзэгдлийг эрт эдүгээтэй нь эвцэлдүүлэн дагуулж, эгшиглүүлэн аялгуулах, дуудаж магтан ерөөх, бүжиж наадуулан хөгжимдөх зэргээр хүн ардын өдөр тутмын хэрэглээний нийтлэг үйлчилгээнд ашигладаг.

– Нөгөө нэг чанар нь үндэсний болон гадаадын аль нэг хөгжим, цөөхүүл болон найрал хөгжмийн зэмсгүүдтэй нийцэлдэн гоцлол, хамтарсан хэлбэрээр тайзны уран бүтээлд томоохон байр суурийг эзэлдэг.

– Морин хуур хөгжмийн эгшиглэнт сэтгэлгээ нь мөнөөх уужим талын уянга дуурслын холч айзам дуулалтай, хүлэг морьдын дөрвөн туурайн тэгш сайхан хэмнэлтэй, уул өөд тэмүүлсэн босоо тэнхлэгтэй нь шуранхайлан хадаах, ялангуяа уртын дуутай нэн зохицсон авиа, эгшиглэл үсрэлт, чимэг чимэглэлийн олон өнгө аясыг илэрхийлдэг баялаг их нөөцтэй билээ.

– Морин хуур тоглох сурахад хоёр үндсэн зүйлээр тодорхойлж болмоор байна. Эрт дээр үеэс гэр ахуйн нөхцөлд уламжилж ирсэн сонсголоороо тоглох тоглолт юм. Айл бүхэн морин хууртай байж төрөлх авьяасаараа хүн бүр тоглодог, түүнийг хойч үе нь багаасаа ажиглаж даган сурах, сурсан нэг нь дагуулан сургах зэргээр гэрийн сургалт нийтлэг чанартай байжээ. Тэр цагт одоогийн нот бичиг байхгүй нөхцөлд сонсголоороо тоглох ардын нэгэн сургууль байсан гэлтэй.

Өнөөгийн нөхцөлд мэргэжлийн сургууль зонхилж дуу хөгжмийн нийтлэг хэлийг илэрхийлсэн нот бичгээр хөгжим тоглодог болсон нь хөгжмийн ухааны онолын мэдлэг, тоглолтын техник, чадвар эзэмшихгүйгээр орчин цагийн хөгжимчин хүний төрхийг илэрхийлж чадахгүйд хүрнэ.