Хуурын тухай тэмдэглэл

Морин хуурын тухай аман яриа домог, судар бичиг, ном зохиолд бичиглэж үлдээсэн нь бий билээ.

Монголчуудын дуун ухааны санд босоо дөрвөн тэнхлэг тэмдэглэгдэж үлдсэн төдийгүй бидний үед ч уламжлагдаж эзэмшсээр байна. Үүнд:

1. Хорвоод хосгүй хэмээх монгол бичиг маань тэнгэрээс доош бууж буцаад тэнгэр өөд тэмүүлсэн босоо тэнхлэгтэйн учир, Монгол овогтны ахуй амьдрал орон зай сэтгэлгээний орчилд мөнхрөн үлдсэн буй заа.

2. Монгол ардын гайхамшигт уртын дуу нь хязгааргүй уужим цэлгэр талаас асах мэт ягуухнаар дуурсаж, уул толгодын нугачаа хугачаагаар чимэг авч, сүрлэг их байц, мөнгөн дуулгат хайрхан уулын сэмбэр оргилд тэмүүлж, улмаар хан тэнгэрт хадаан шууранхайлсан босоо тэнхлэгтэй байна.

3. Ингэвэл бас босоо тэнхлэг нь хөөмийлөх урлагийн гайхамшиг гэлтэй. Шахмал хоолойн нургисан доод өнгөнөөс хулс зэгэсний шагшуурга адил мөнгөн хонхны шаргих дуунаар, уулсын өндөр байц хайднаа сиймхий завсраар лимбэдэн исгэрч Алтайн сүмбэр оргил өөд тэмүүлсэн хосмолжин эгшиглэнт бас нэгэн босоо тэнхлэгтэй буйзаа.

4. Ахуй их уудам талын дуулалтай, ажнай сайн хүлгийн дөрвөн туурайн тэгш нэгэн хэмнэлтэй, асар өндөр хайрхан уулсын оргил дээгүүр, дуурсан халиах эгшиглэн төгөлдөр, Морин хуурын хүнгэнэм дуу доод өнгөнөөс дээд өнгөнд уртын сайхан дуутайгаа шүтэлцэн, мал сүргээ ээнэгшүүлж, хүн ардаа уяраан догдлуулж, байгаль дэлхийгээ аргадан баясгаж, тэнгэрлэг титэмтэйн учир, арга үйл Монгол хүмүүний оюуны их сангаас, охилон нэрсэн Морин хуур хэмээх энэхүү эрдэнэ босоо тэнхлэгтэй байхаас аргагүй юм.

Иймийн учир дөрвийн дөрвөн босоо тэнхлэг хүн төрөлхтний оюуны соёлд эзлэх байртай, эгшиглэх өвөрмөц өнгө аястай сонгомол содон сувд эрдэнэ мөнөөс мөн. Тэгээд ч энэ тухай үлгэр домгоос аваад түүх шастирт тэмдэглэгдэж үлдсэн нь учир утгатай бизээ.

Морин хуур үүссэн домог хууч яриаг цухас дурьдвал манай эриний өмнөх 5000 жилийн тэртээ амьдарч байсан эртний хаан Раваана гэгч хялгасан хөвчтэй, нумаар утас хөрөөдөж, дуу гаргах санаа сэджээ. Ганц чавхдаст тэрхүү хөгжмийг Раваанаастр хэмээжээ. Түүний хэлбэр маяг өөрчлөгдсөөр манай үед хүрч иржээ гэж Д.Дашдорж, С.Цоодол нар “Ардын суу билэгтнүүд” номондоо тэмдэглэжээ.

Дорнын улс түмний оюуны болон материаллаг соёл бие биедээ уусан нөлөөлж, тухайн улс орон өөр өөрийн онцлогтой хөгжмийн багаж зэмсэг үйлдэн хийсэн төдийгүй өрний орнуудад ч нөлөөлсөн болохыг үгүйсгэх аргагүй. Бүр 13 дугаар зуунаас өмнө хөгжмийн зэмсэг аль эрт гарсан учраас 13 дугаар зуунд нэр заасан хөмжимчид байсныг түүхэнд тэмдэглэжээ. Ялангуяа “Монголын нууц товчоо”-нд Аргасан хуурчийн домог нэр заан гардаг нь түүхэн баримт билээ. Судлаач Б.Содном ахайтан Аргасан хуурч бол 13-р зууны үед төрийн буюу цэргийн дуу хөгжмийн хэргийг эрхэлсэн удирдаач хүн байсан гэжээ. Тэгээд ч түүнийг дуу хөгжимд авьяастай хүн болохыг дурьдсан байдаг.

Түүхэн урт хугацаанд хуур хөгжим бий болж, түүнийг дагаж хуурчид төрснөөр дайн тулаан болон өдөр тутмын хэрэглээнд энэхүү гайхам хөгжим зүй ёсоор орсон нь гарцаагүй юм. Соёлын гавьяат зүтгэлтэн, ардын хөгжим судлаач, уртын дуу дуулаач Гүүш Бадраа агсан Монгол ардын хөгжмийн зэмсэг, түүний гарал үүсэл, нэр томьёоны талаар дорно өрнийн судлаачид, жуулчдын ном зохиол тэмдэглэл зэргийг харьцуулан судлаж, тодорхой асуудлыг хөндөж тавьсныг Монголын хөгжим судлал, Монгол ардын хөгжим номондоо бичиглэн үлдээжээ. Тэдгээр бүтээлүүддээ Морин хуурын тухай бичихдээ манай орны нутагт байгаа шанаган, мата, луу, арслан, морин хуур зэрэг нэртэй байдаг, харин шанаган хуур бол баруун Монголд хэрэглэж байгаа ааган товшуур, хэлдүүр, дөрвөлжин цартай товшуурын нэгэн зүйл байжээ. Хожим үеэс нумтай болж Хүн буюу гарди толгойг нь Морин толгойгоор сольсноор Морин толгойтой буюу товчоор хэлбэл Морин хуур гэх болжээ гэсэн байна. Тэрээр цааш нэмж хэлэхдээ Хөхөө Намжилын домогтой холбоотой болохыг сануулсан байх юм. Нэр томьёоны зарим талаар Г.Бадрах гуайн томьёололтой зарим зүйлээр шүүмжлэлтэй хандсан боловч судалгааны үүднээсээ санал нэг ажээ.

Монгол ардын хөгжим номондоо ардын хөгжмийн 160-аад нэр гарган жагсааж гаргасны дотор морин хуурыг чавхдаст хөгжмийн төрөлд авч үзсэн болов уу хэмээн бодогдлоо. Нэр томьёог гарал үүслээр нь тодруулж хийц маягийг нь бүтцээр нь ангилж, толгой царыг нь ногоон өнгөөр буддаг нь газар дэлхий, үржил шим, хайр сэтгэлийн бэлэг тэмдэг хэмээн үзжээ. Морин хуурын хөгийн талаар чавхдасыг эр чадалтай морины сүүлийн сод гэдэг нарийн урт хялгасаар сунгаж хийдэг /зарим газар нас гүйцсэн хязаалан морины сүүлэн дэх хамгийн нарийн хялгасыг сонгон авдаг гэдэг/ гэх буюу царыг ямааны юм уу ботгоны арьсаар бүрдэгээс гадна ямааны арьсны хүүлүүр хавиас авч элдээд норгосны дараа дахин дахин тэлж чинээнд тултал эгшээн хийдэг ёсон байдаг гэдэг.

Эрхэм хүний судалсан эдгээр зүйлүүд нь монгол хүн морин хуураа эрт дээрээс урлаж, хөг эгшиглээг нь тохируулахдаа ямар ямар материал сонгож авах нарийн ухаан гаргадгийг гэрчилсэн хэрэг юм. Тэгээд ч айл бүхэн морин хууртай, эр хүн бүр хуурч байсны баталгаа мөн. Угаас хөгжимлөг сэтгэлгээтэй, хуурдаж дуулахдаа авьяас билэгтэй, сонсож танин мэдрэх сонорын хурц мэдрэмжтэй Монгол түмэн маань хэдэн зуун мянган жилээр хуур татахдаа сонорын хөгжилдөө дулдуйдан ямарваа ая, эгшгийг сонсонгуутаа хөгжимддөг нь гайхалтай учир манайд аль эрт байсан дүрс зураас, зуралгаар тэмдэглэн хэрэглэх боломж байсан ч гагцхүү оюун ухаан сэтгэлгээний хөгжил сонсож мэдрэхүйн онцгой хөгжил авьяасаараа тэдгээрийг хэрэглэх шаардлага байсангүй болов уу. Тэгээд ч хойч үе үр хүүхдээ тэр л сонсон тоглохуйн уламжлал нь үе дамжин манай үед хүрч ирсэн бизээ.

Бидний сайн мэдэх эрхэм хуурчид болох Магсархурцын Дугаржав /1893-1944/, Ө.Лувсан хуурч /1885-1943/, Д.Түдэв / 1898-1938/, С.Түдэв зэрэг түрүү үеийнхнээс аваад дунд үеийнхэн болох төрийн шагналт ардын жүжигчин сурган хүмүүжүүлэгч Г.Жамьян, Б.Цэдэн, н.Буян, Бууран зэрэг нэрт хуурчдаас уламжлагдсан шинэ үеийнхэн болон ардын жүжигчин Ц.Батчулуун, хуурч Батсайхан, Цогбадрах, Идэрбат нарын хуурчид, ардын билэг авьяастан н.Дагийранз, н.Цэрэндорж, н.Жанцанчой зэрэг олон арван хуурч төрөн гарсан нь энэ чиглэлийн сургууль бүрэлдүүлсэн юм. Морин хуурчдын маань энэхүү сургууль монгол ард түмний оюуны соёлын үнэт эрдэнэ болсон малын уриа дуудлагаас аваад уртын сайхан дуутайгаа амин шүтэлцээтэй байж хуур юугаа мөнхөлсөн ажгуу. Чухам л бурханаас заяасан дуун ухааны сонгодог дуу хөгжмөөрөө бид бахархахаас өөр юугаар бахархах билээ.

Уртын сайхан дуугаараа дэндүү хол тасарсан төрийн соёрхолт ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Намжилын Норовбанзад /1931-2003/ гуай нэг хэсэг багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ирж дуу хөгжмийн багш нарт уртын дуу зааж зөвлөгөө өгдөг байж билээ. Тэрээр хэлэхдээ уртын дууг морин хуураас салгахын аргагүй, өөр ямар ч хөгжим түүнийг орлож чадахгүй. Бие биенээ нөхөж явдаг юм шүү дээ. Уртын дууг эхлээд морин хуураар эхлэж, дараа нь дуугаа дагаж хөгжимдөнө, сүүлдээ хоёул найрсаж дуугаа шингэн дуурсгаж өгнө шүү дээ. Морин хуур бусад хөгжимтэй зохицохгүй гэсэн үг биш шүү дээ. Морин хууртаа түгээмэл шинжээр нь хэлж байгаа юм гэж билээ.

Хэдэн арван жилийн өмнөөс мэргэжлийн морин хуурч бэлтгэх асуудлыг хөгжим бүжгийн дунд сургууль голлон үүрэг гүйцэтгэж байлаа. Одоо манай улсад морин хуурчдын чуулга ч бий боллоо. 1965-1969 онд Багшийн сургуулийн дэргэд байгуулсан хөгжим соёлын анги багш-соёлын ажилтан бэлтгэх явцад морин хуураар тоглолтын бэлтгэлтэй хэдэн зуун морин хуурчдыг бэлтгэн гаргасан нь улс орны хэрэгцээг хангахад үлэмж хувь нэмэр оруулсан юм. Энэ асуудалд манай нэртэй морин хуурчид Г.Жамьян, Б.Цэдэн, Ц.Батчулуун, Ё.Батбаяр, н.Буян нарын хуурчдын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа их хувь нэмэр оруулжээ. Сургалтын хэрэглэгдэхүүнд хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатар, Н.Жанцанноров зэрэг нөхдийн зохиол бүтээл, Г.Жамьян /Ж.Энэбишийн хянан тохиолдуулсан/ Морин хуур, Хуурын эгшиг зэрэг сурах бичиг, Я.Балжирын ардын хөгжмийн зэмсэгт суралцах хялбаршуулсан сурах бичиг зэрэг бүтээлүүд бий болсон байна. Ардын хөгжим, морин хуурын тухай судалгааны ном товхимол, хэсэгчилсэн өгүүллэгүүдийн ардын хөгжим судлалаас Г.Бадрах, Д.Дашдорж, С.Цоодол, Ж.Бадраа, Ж.Энэбиш, Н.Жанцанноров зэрэг хүмүүсийн бүтээлүүд гарсаар байна. Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч, судлаач Н.Жанцанноров түүний нөхдийн хичээл зүтгэлээр үндэснийхээ хөгжмийн соёл, өв уламжлалыг дээдлэн хүндэтгэж, төр засаг болон олон улсын нэр хүндтэй байгууллагуудтай холбоо тогтоож энэ чиглэлээр зохих арга хэмжээ авч байна.

Эх сурвалж: Морин хуур эхлэн сурах бичиг 2013 он