Хуур хөгжмийн үүслийн домог, зан үйл, бэлгэдэл

Хүлэг морио эмгэнэхүйгээс…

С.Дулам

Монгол домогт хөгжмийн зэмсгийн үүслийг туурвигч баатруудын бүтээл болгон хэлэлцэхээс гадна эгэл жирийн хүний урлал бүтээл болгон өгүүлэх өөр нэгэн ёс буй. Энэ тухай өгүүлсэн халх, өвөрлөгч, урианхай (ойрад) гурван өөр хувилбар домгийг тус тусад нь аваад үзье. Монголчуудын үндэсний хөгжмийн зэмсэг-морин хуурын үүслийг халхчууд бол Хөхөө Намжил хэмээх соёлт баатартай холбон хэлэлцдэг. Гэхдээ эл домог нь түүх домгийн шинжийг илүү хадгалжээ. 

Тухайлбал, Хөхөө Намжил өөрөө Монголын зүүн хязгаар нутгийн сайн эр бөгөөд баруун хязгаарт цэргийн алба хааж байсан юм гэхчлэн хэлэлцдэг. Тэнд байхдаа тэр нутгийн нэгэн сайхан гүнжтэй танилцсан юм байжээ. Хөхөө намжил цэргээс халагдан буцах болоход амраг хайртай гүнж нь Жонон хар гэдэг морио дурсгал болгон өгсөн юм байжээ. Тэгээд Хөхөө Намжил жонон хар мориороо баруун хязгаарт нисэн очиж амраг гүнжтэйгээ уулзаад өглөө болоход зүүн хязгаарт ирж адуугаа туугаад харьдаг байж хэмээн гардаг. 

Хөхөө Намжилын хүлэг унаа болсон Жонон хар морийг ид шидийн жигүүр гуурс урган уул усыг алгасан нисдэг хэмээн дүрсэлснээрээ домгийн уран сэтгэмжийг илэрхийлж байгаа юм. Энэ нь мөнөөх л үлгэр туульд гардаг “үүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй модны дээгүүр” нисдэг хүлэг морьтой адил байна. 

Харин домгийн гол зөрчил нь түүх домгийн шинжтэй байгаа юм. Хөхөө Намжилын нисдэг хүлгийн ид шидийг гурван он өнгөрөхөд хэн ч мэдээгүй атал нэгэн баян айлын эгэл олныг үймүүлдэг, эвтэн хоёрыг бусниулдаг тийм сүрхий ховч хүүхэн гадарлаж мэдээд хор хүргэх гэж санаархдаг болсон гэдэг. Энэ зөрчил бол эртний домгийн Бурхан, Чөтгөр юмуу, Дээд тэнгэр, Шулмас хоёрын зөрчлийг бодвол илүү аж байдлын шинжтэй болж байгаа юм. Гэвч энэ ховч хүүхний дүр нь хор хөнөөл учруулдаг шинж төрхөөрөө мөнөөх эртний домгийн шулмас эмтэй дүрийн үлгэр загвар, хэв шинжийн хувьд уламжлал холбоотой гэж бүрэн хэлж болно. 

Хөхөө Намжил амраг гүнжтэйгээ уулзаад буцах замдаа мориныхоо хөлсийг сэврээгээд үүр цайх үед тавья хэмээн амран суух хооронд нөгөө ховч хүүхэн уяан дээр сэмхэн очвол Жонон хар морь санаа муутан гэж танилгүй сайн эзнээ хэмээн баясаж ид шидийн жигүүрээ хоёр суганаасаа дэрвэлзүүлэн байхыг үзээд үйлийнхээ хайчийг ханцуйлж ирээд тэр сайхан жигүүрийг нь тас хайчлан хаясан юм гэдэг. 

Энэ бүхнээс үзвэл энэ ховч эмийн хорлол нь газар дэлхийг бүтээсэн тэнгэрийн туурвилыг бусниулах гэдэг Эрлэг, Шулмас, Өвгөн дээдэс Бурхны бүтээсэн хүнийг буртаглан гутаах гэдэг чөтгөрийн үйлдэлтэй мөн чанартаа төстэй байгаа юм. Гагцхүү эсрэг баатрын дүр нь улам эгэлшиж, жирийн хүний байдалтай болж хувирсан байна. Эерэг баатрын дүр ч гэсэн нэгэн адил эгэлшиж, домгийн туурвигч бус, эгэл жирийн малчин болсон байна. Хөхөө Намжил үүр цайх үед морио тавихаар очтол хүлэг сайн морь нь уяан дээрээ үхсэнийг хараад гашуудахын ихээр гашуудаж, сайхан Жонон хар мориныхоо толгойг дууриалган модоор сийлж, урт сайхан иш бэхлэн хүлэг мориныхоо ширээр цар татан, мяндас сайхан сүүлнээс нь хөвүүлж хялгаслаад модны давирхай түрхэж дуу оруулан Жонон хар мориныхоо янцгаах чимээ, алхаа гишгээ, арилжаа хатирааг оруулдаг болж, түүнээс хойш Монголд анх морин толгойтой хуур үүсэж гарсан гэдэг (Монгол домог, 1984, 172) байна.

Морин хуурын үүслийн тухай өвөрлөгч нарын дунд дэлгэрсэн олон сайхан үлгэр домгийн дотроос хамгийн түгээмэл уламжлагдаж ирсэн нэгэн домогт доорх мэт өгүүлдэг байна. Тус домогт нэгэн Сүх гэдэг нэртэй ядуу айлын малчин хүү хонь хариулан явж байгаад нэг саарал унага олж авсан байна. Сүх энэ унагыг гамнан асарч том агт болгов. Саарал морь нь эзэн Сүхтэйгээ ижилсэн дасалцаж энх түвшин аж төрж байлаа. Нэг удаа ховдог шунахай хөх чоно хонинд мярааж, хашаанд нь орох гэхэд чонотой тулж хонио хамгаалав. Загал саарал мөн ч хурдан хүлэг байлаа. Тэр Вандан гэгчийн найрт түрүүлсэн байна. Хэрэг явдал үүнээс үүсч, анхан найрт тэргүүлсэн морины эзэнд охиноо өгнө гэж байсан Вандан Сүхийг малчин хэмээн үгээ идэж, болзооноосоо буцаж, охиноо өгсөнгүйгээр үл барам гэдрэг загал саарлыг нь хүчээр булаан авчээ. Гэтэл загал саарал нь эзнээ санахдаа туйлан булгиж, Ванданг шороо үмхүүлээд зугтан явахыг завдтал хар санаат Ванданд харвагдан шархдаж, хаяан дэргэдээ ирж, харангасан унаж үхсэн байна. Дараа шөнө нь тэр эзэндээ зүүд өгчээ. Ингээд Сүх загал саарлын ясаар нь бие хийж, арьсаар нь хуурын толгойг бүрж, шөрмөсөөр нь ёнхор хийж, сүүлээр нь хөвч хийж, хөгжимдүүр зохиосон байна. Хөгжимдүүрийн үзүүртээ загал саарлын толгойг сийлж, морин хуур гэж нэрийдсэн гүн зузаан хайр сэтгэлээр загал саарлаа мөрөөдөн дурсгасан гэнэ. 

Хуур хөгжмийн үүслийг монгол хүний үнэнч хань болсон хүлэг сайн морины эмгэнэлт үхэлтэй холбон хэлэлцдэг эл өгүүлэмж баруун монголчуудын дунд бас байдаг байна. Урианхай нарын дунд дэлгэрсэн морин хуурын үүслийн тухай нэгэн домогт “Балчин кээр морьтой аркамчин күм ёвсон гэлээ. Балчин кээр морь нь хоёр хайсанд тогоо нэрэхийн зуур газаа далаа эргээд ирдэг морин байж л. Айл амьтан хэсч арка ууж ёвсон хойгуур муу күм ирээд Балчин кээр морины нь гуурсыг тас хайчилчихлаа, тэр морины амин гарсан гэж хэлдэг юм. Эрүүл болаад дайсанд хорлагдсан морион үзэж гашуудахдаа толхаагий нь модаар дуураалган сийлж, дэл сүүлээр нь килгаслаад, явдлы нь оруулж хуурдсан юм” гэдэг байна. (С.Дулам, 1989, 152). Өмнөх халх, өвөрлөгч хувилбарт гардаг дуучин, сайн эр Хөхөө Намжил, малчин эр Сүхийн оронд Балчин хээр морины эзэн нь архичин хүн байсан юм гэдэг байна.

Домог тус бүрт харгалзсан хуурын татлага аялгуу бий бөгөөд говийн халхчууд “Жонон хар морины явдал”, баруун монголчууд “Балчин хээрийн явдал” гэсэн эдгээр домгийн алинд нь ч гэсэн хуур хөгжмийн үүслийг туурвигч баатруудтай холбосонгүй эгэл жирийн хүний урлал бүтээл болгосон байгаа юм. Энэ нь домгийн өгүүлэмж харьцангуй хожуу үед гарсны шинж гэмээр байна. Энд ертөнцийн хэмжээний томоохон үйл явдлыг бус хүний хувийн аж амьдрал, санаа сэтгэлийн ч юмуу, зан суртахууны зөрчлийг харуулсан нь ингэж бодогдуулахад хүргэж байна. Түүнчлэн эл домогт хуур хөгжмийн үүслийг аж амьдралынхаа зовлон гунигийг хөнгөлөх, санаа сэтгэлийн баяр цэнгэл эдлэх гоо сайхны хэрэгцээнээс буй болсон байдлаар тайлж байгаа юм.  

Эх сурвалж: Монголын соёл, урлаг судлал, 2003 он