Домогт эгшиглэнт хуур

Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийг төдийд үүссэн гэж судлаачид одоог хүртэл нотлоогүй, тэгэхлээр домоглож ярихаас аргагүй байна. Юутай ч монголчуудын амьжиргааны эх булаг болсон эрдэнэт таван мал сүргээ эрт цагт гэршүүлэн маллаж ирэхдээ, тэр дундаас морин эрдэнээ дээдлэн хүндэлдэг нь жирийн нэг хэрэг биш билээ. Энэхүү хийморлог адгуусны бүхий л шинж нь монгол хүний оюун санаанд ямар нэгэн ид шидээр дүрслэн сэтгэгдэж хүлэг сайн мориороо нэрлэсэн “морин хуур” хэмээх гайхамшигт хөгжмөө зохиосон биз. Энэ нь хамаг л сайн сайхан бүхнээ хүлэг морьтойгоо холбож домоглодгоос илэрхий.

Мөн морин хуурын өвгийг шанаган хуур гэхээс гадна баруун монголд морин хуурыг “Ихэл” ч гэж нэрлэдэг. Морин хуурын домогт монгол газар нутагт алдаршсан “Жонон хар”, “Шувуун саарал”, “Балчин хээр”, “Сулин хээр”, “Арвай хээр”, зэрэг хүлэг морьд, бурхан тэнгэр, домогт эрстэй холбож домоглосон нь нэлээд байна. Ихэл, шанага, морин хуур гэж янз бүрээр нэрлэсэн ч хуур гэсэн талаас нь домгийн агуулга нь морины тухай байгаа юм. Жишээ нь:

Морин хуурыг бүтээсэн тухай нэгэн домогт бурхан багш ээжийгээ шулмаст алдаж гунихдаа нэг хуур хийжээ. Тэр нь бүтсэнгүй. Тэгээд нэг зурхайчид очиход мод дөрвөлжлөөд могойн арьсаар гадарлаад морины сүүлээр хялгаслаад хуур хий гэжээ. Гэтэл бас л болсонгүй. Дахин зурхайчид очиход ээжийг чинь авч явсан шулмаст оч гэжээ. Шулмаст очоод хэлсэнд шар хээрийн хялгас дутаа л биз, шар харгайн харгай дутаа л биз гэжээ. Тэс ёсоор хуурынхаа хялгасанд модны давирхай түрхтэл сайхан дуу гарч тэр цагаас хуур хөгжим гарсан гэдэг.

Урьд нэг хүн алс газар явж байхдаа сайн морио үхүүлсэнд уй гашуу болж байтал морины сүүл нь салхинд хийсэхэд исгэрэх сонин дуу гарчээ. Түүнээс үндэслэн мориныхоо толгойг модоор сийлж, цавины арьсаар нь царлаад, сүүлээр нь хөвчлөөд татахад сэтгэл нь тайтгарчээ. Тэр цагаас хойш хуур үүссэн гэдэг.

Шувуун саарлын домогт Нонжгой гэдэг сайхан дуулдаг бүсгүй байжээ. Ойролцоо нууранд нь найман хун хөвддөг байж. Өдөр бүр нуурнаас ус адваг байв. Ус авахаар явж байгаад нууранд унаж өөд болжээ. Тэр үед хунгуудын нэг нь эргэлдэж байгаад явжээ. Нөгөө бүсгүйд сэтгэлтэй байсан залууг тэнд сууж байтал нөгөө хүүхний нөгцсөн газар эргэлдэж байсан хун мөн үхсэн байлаа. Үүнийг харсан залуу бодлогшрон Нонжгой хүүхний сайхан дуулдгийг нь мөнхжүүлэхийн тулд айргийнхаа хутгуурт чавхдас татан хун толгойтой хуур хийсэн гэдэг домогтой ажээ.

Өөр нэг домогт: Урьд Сүхээ гэдэг залуу ээжийнхээ хамт амьдардаг байжээ. Хонио хариулж яваад унтчихжээ. Зүүдэнд нь нэг хүүхэн сайн морины тухай ярилаа. Сэрээд харсан чинь голын эрэг дээр нэг саарал унага зогсож байсныг гэртээ авчирч өсгөөд том болгожээ. Тэгтэл тэднийд анчид ирээд бид ноёны зарлигаар бугыг амьдаар нь барихаар яваа гэжээ. Сүхээ шувуун саарлаараа бугыг амьдаар нь барьж өгсөн байна. Гэтэл анчид ноёндоо нэг хүнд их хурдан морь байна гэж хошуу өргөтөл ноён түүний морийг уралдаанд оролцохыг зарлигджээ. Уралдаанд Сүхээгийн морь ноёны морийг хол хаяж түрүүлжээ. Ноён шунахай сэтгэлдээ хөтлөгдөн морийг нь булаан авч унахад морь нь ноёныг сэгсрэн унагажээ. Ноён морийг барьж авчир гэхэд түүний шадар туслахууд харваж шархдуулсанд саарал морь удалгүй үхжээ. Уй гашуу болсон Сүхээгийн зүүдэнд нь шувуун саарал нь ирж миний сүүлний хялгас, хавиргаар минь хуур хийгээрэй гэжээ. Сүхээ ч хуур хөгжим хийж сайн морио дуурсах болсон гэдэг.

Хөхөө Намжилын домог: Эрт урьд цагт Хөхөө Намжил гэдэг их сайхан эр монголын баруун хязгаарт алба хааж байгаад жигүүрт хүлгээрээ сэтгэлт бүсгүйдээ ирж очдог байж. Гэтэл Хөхөө Намжилд өөр нэг бүсгүй бас сэтгэлтэй байжээ. Тэрээр Хөхөө Намжилын сүйт бүсгүйд атаархаж, түүнд Хөхөө Намжил өөр бүсгүйд сэтгэлтэй гэж хэлжээ. Нэг удаа адуугаа туусаар ирээд морио амраажээ. Тэгтэл муу санаат хүүхэн моринд нь ойрхон очиход “Жонон хар” морь нь эзнээ байна гэж андуурч хоёр жигүүрээ дэлгэхэд хүүхэн хоёр жигүүрийг нь тас хайчилжээ. Шидэт жигүүрээ хайчлуулсан морь удалгүй үхжээ. Хөхөө Намжил сайн морио үхсэнийг нь үзээд туйлын их гашуудаж сайн морио дурсаж явахын тулд мориныхоо толгойг модоор сийлж, түүнд урт иш хийж угт нь цар хийж, ширээр нь ширлэж, сүүлээр нь татаж, модны давирхай түрхэн дуугаргаж “Жонон хар” -ын янцгаах дуу, алхаа, гишгээг ч хүртэл хөгжимдөж оруулах болсноор монгол морин хуур үүссэн гэдэг.

Энэ мэт хуурын тухай өөр өөр хувилбар бүхий домог ар, өвөр монголд өдий төдий олон билээ. Морин хуурын домгоор Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Л.Мөрдорж “Хөхөө Намжил” хэмээх сайхан дуурь зохиосон билээ.

1950-иад оны үед Чимбан Чоймбол гэж хуурч, хуучирч, Богд хааны цамын дэглээч давжаахан биетэй нэг өвгөн байжээ. Тэрээр ер нь морин хууранд чинь морины бүхий л эрхтэн шингэсэн юм шүү дээ хэмээн мориныхоо толгойг тэнгэр өөд тэмүүлсэн мэт сийлж, ишээр нь мориныхоо нурууг, хоёр чихээр нь морины жигүүр ургуулж, царны хэлбэрийг далаар нь, царны бүрээсийг арьсаар нь бүрж хавиргаар нь нумыг хийж, сүүлээр нь хоёр чавхдасыг нь, шөрмөсөөр нь хоёр чихний оосрыг, шүдээр нь тэвхийг төлөөлүүлж хийсэн юм шиг байгаа юм гэж ярьж байжээ.

Эх сурвалж: Морин хуур эхлэн сурах бичиг 2013 он.