Хуур хуурдаж сурах, сайн экэлчин болох зан үйл

... хуур хуурдаж сурахад уул усны эзэн савдаг юмуу өвөг дээдсийн онгод сахиулсан өршөөж туслан дэмнэдэг хэмээх өөр нэгэн үзэл төсөөлөл монгол угсаатны дунд түгээмэл дэлгэрчээ. Түүнчлэн сайн хуурч болоход өвөрмөц нэгэн зан үйлийг үйлддэг байсан мэдээг бид баруун монголчуудын дундаас олсон билээ. Урианхайн хуурч Хөхийн Намжил гуайн яриагаар бол "гурван голаан бэлчирт асган бүрүйлэхлээ хувхаа моринай толхаа хувхаа дээсээр оосорлож унаад гурван асган дарахлаа күүтэн гартаа юм даралцаад байдаг гэдэг. Алтаан эзэн элбэлцэж байгаа нь тэр юм" гэдэг байна (Дулам, 1989, 154). Маш эртний улбаатай байж болох энэ зан үйлд анхаарч үзүүштэй нэгэн зүйл бол хуур хөгжим дарж сурахад морин төөлэй унадаг гэдэг баримт юм. 

Эндээс үзвэл хуур хуурдаж сурах, сайн экэлчин болох зан үйл нь Алтайн эзэнтэй холбоо бүхий орон цаг, эд өлгийн болон тооны бэлгэдлийн цогцолбор бүхүй орон цаг, эд өлгийн болон тооны бэлгэдлийн цогцолбор бүхүй зүйл юм. Академич Б.Ринчен агсны "Монголчуудын үлгэрч, туульч нар" хэмээх урьд хожид хэвлэгдээгүй орос хэлээрх нэгэн өгүүллийг доктор Б.Сумьяабаатар "Чингисийн алтан ургийн Угийн бичиг ба гэрийн үеийн бичмэл" (УБ., 2002) номынхоо тэргүүн ботид "хүй цөглөх" өгүүлэл болгон оруулсан байна. Академич Б.Ринчен 1919 онд Монголын умард хязгаарын Алтанбулаг гацаанаа тэр цагийнхаа алдарт туульч Өлзийн Лувсан хуурч буюу Хөнхөр хуурчийн анх хэрхэн хуучирч болсон түүхийг тэмдэглэн авснаа уран яруу бөгөөд дэлгэрэнгүй өгүүлжээ. Монголчуудын хэлэлцэхээр бол хуур юмуу хуучраар сайн аялгуулдаг, жинхэнэ мөрийн хуурч болохын тул саргүй шөнө гурван замын уулзварт морины хувхай төөлэйг торгон утсаар хазаарлан унаад шөнө дүлийн цагаар хуурдах ёстой юм гэнэ. Чингээд энэ шөнө морин төөлэй нь булгин хөсөр хаячихгүй юм бол ёстой үнэн номын хуурчин болоод хуур юмуу хуучрынхаа эзэн нь болно гэнэ. Хөнхөр хуурчийн аав, өвөг эцэг, элэнц эцэг болон эрмэг шулуун зантай ээж нь хуртэл ийм л сорилгыг давж, бэлэн сэцлэгч хуурчид, хуур хуучраар мэргэлэн чадагчид болсон ажгуу. 

Ээж нь нэгэн цагт морин төөлэй хазаарлаж байсан нимгэн торгон хазаараа авдартаа нандигнан хадгалж байжээ. Жинхэнэ эр хүн бол юунаас ч айдаггүй эр зоригой байх ёстой хэмээн өвөгчүүд сургадаг байв. Өвөг эцэг нь ач хүүгээ юм уншуулж сургах гээд үсэг тогтоосонүй тул чи аав шигээ бичиг ном сурхгүйгээс хойш, хуурчин л болох ёстой гэж өвгөн захижээ. Нэгэн үдэш эцэг нь эртний түрэгийн хиргисүүрийн замын бэлчирт аваачиж унуулахаар дагуулан одов. Айх хэрэггүй, гагцхүү өвөг дээдсээ залгамжилж, хүн зонд сайн сайхан, баяр жаргал бэлэглэгч хуурчин болохыг л нэгэн үзүүрт сэтгэлээр сэтгэн бод, сэтгэл чинь цэвэр ариун байхад муу юм болохгүй, өвөг дээдсийн онгод сахиулсан чамайг ивээж, манай овгийн дуу хуурын удмын улаач болох нь хэмээн баярлах болно гэжээ. Жаалхүү ахмад дээдсийнхээ үгийг дагаж, итгэдэг бүлгээ. Эцэг нь тэр шөнө хүүгээ гурван замын бэлчирт орхичихоод шөнө дундаас хойш эргэж ирнэ гэж хэлээд явжээ. 

Хүү нь эцгийн хуучин хуучрыг авч, морин төөлэй зайдлан суугаад хуурдаж гарчээ. Намуухан, дулаахан шөнө, алсын одод анивчин галалзаж, айх сочих юмгүй байлаа. Аав шигээ, өвөө шигээ, элэнц өвөө шигээ жинхэнэ хуурч болохын хүслэнд эзлэгджээ. Хуучрын эзэн, өвөг дээдсийн сахиулсан өршөөж, хуурч болгон хайрла хэмээн залбираад хээр талын шөнийн нам гүмд намуухан аялгуу хөглөн байжээ. Шөнийн сэвшээ хөдлөхөд өвс ногооны сэрчигнэх чимээ, шөнийн шувуудын ганганаан, алаг дааганы дэгдэх анир цөм содон танил байжээ. Шөнө дундын цагаар морин төөлэй нь булгивал уначихгүйн тул хоёр хөлөөр газар луу бат тулгуурлаж, нэгэн гараараа торгон хазаарын жолоо атган, шөнийн гүнээс эцгийн морин төвөргөөн сонсодоно уу, үгүй юу хэмээн чагнасхийн намуухан хуурдсаар байжээ. 

Ийнхүү удаан аялгуулсан боловч морин төөлэй нь хөдөлсөн ч үгүй. Тэгснээ сүүлдээ өөрөө ч мэдэлгүй, элэнц өвөөгийн хуучрыг чадахын хэрээр чангаас чанга хөрөөдөн дуугаргаж байхад нь морин төвөргөөн сонсдож, хуучрын аялгуунд баяссан аав нь морьтойгоо хажууд нь ирээд нэн баяртайгаар "Юутай сайн хүү вэ, өвөг дээдсийн онгод чамд дуу хуурын билиг соёрхож, хуурч шиг хуурч болохоор боллоо чи" хэмээн хөхиүлэн урамшуулж өгүүлжээ. Ийнхүү эцэг хүү хоёр хөөр баяртайгаар буцаж ирэхэд ээж нь аягатай сүү ерөөл бэлгийн үгтэй өгч, өвөө нь хуучраа авч, элэнц дээдсээс уламжлалт үлгэр туульсыг хайлж, удмын сайн улаач болоод хүн зондоо баяр жаргалан бэлэглэж яваарай хэмээн хуурдан ерөөн шүлэглэв. Ийнхүү бүр 1919 онд Хиагтын Маймаачны Алтанбулаг гацаанд анх танилцсан үеэс Алтанбулагийн сургуульд өвлийн шөнийг өнгөрүүлэх үедээ Лувсан хуурчаас хуурч болсон түүхээ хуучилж бүлгээ (Сумьяабаатар, I, 2002, 663-665).

Эх сурвалж: Монголын соёл урлаг судлал, С.Дулам Хуур хөгжмийн үүслийн домог, зан үйл, бэлгэдэл