Хуур дагасан ухаан

Монгол ардын дуу хуур төрөл зүйлийн хувьд ч, агуулгын хувьд ч нэн баялаг билээ. Дуу хуурын дээж нь болсон бүүвэйн дуунаас эхлээд бөх, морины цол, ерөөл магтаал, үлгэр тууль, ардын аялгат тоглоом, урт богинын болон харилцаа дуу цөм л өөр өөрийн өвөрмөц өнгө аяс онцлогтой, дуун ухааны олон хэлбэр, төрхтэй, нэр томьёо агуулгаараа дэлхийд хаа ч байхгүй давтагдашгүй содон соргогоороо онцлог юм.

Энэ бүхнийг морин хуургүйгээр төсөөлөхөд бэрх билээ. Тэгээд ч морин хуурын өнгө аяс нь доод чилхдаа хүнгэнэм эрэлхэг дуутай, дунд чилхдаа эервэргүү ялдам эгшиглэнтэй, дээд чилхдаа цээл шингэн, ганган дуутай учир ардын дуу, ая аялга, уриа дуудлага, ерөөл, магтаалын хэм хэмнэл, хэмжээ, аялгуу, үгийн өргөлт, цохилго, утга санаатай нэн сайн эвцэлдэж зохицолдон тоглогддог. Хэдэн жишээ авч үзье.

- Манай говийханд хөөсийн дуу хэмээх сайхан аялга байдаг. Чухамдаа энэ дуугаараа л төл нь эндсэн буюу голсон эх малыг эх үрсийн хагацлаас аварч малаа хүртэл ээнэгшүүлдэг монголчуудын зан үйл, ёс зүй билэгдлийн сайхан уламжлал бий билээ. Цаад утгаараа монгол хүний энэрэхүйн нинжин сэтгэлийн нэг тод илрэл гэлтэй. Хөөсийн дуутайгаа хавсран салхины аясаар хуур хөгжмөө хүнгэнүүлэн дуугаргах юм уу эгшиглүүлэн тоглодог нь учир утгатай.

- Үдэш орой хонь малаа хотлуулчихаад үлгэр тууль хайлан, хүн ард, хүүхэд багачууддаа эр зориг баатарлаг үйлс, хорвоо ертөнцийн содон соргог зүйлийн талаар хүүрнэн ярих юм уу аялгуулан тэдэнд юмс үзэгдлийг маш уран сайхнаар илэрхийлж, оюун ухаан, ой тогтоолтыг нь хөгжүүлдэг уламжлалтай байжээ. Үүнд бас л нөгөө морин хуур эсвэл товшуур хөгжмөөр дагаж хөгжимддөг.

- Монголчуудын ардын аялгат тоглоомыг янз бүрийн хэлбэрээр зохиож, хүүхэд залуучуудынхаа үг хэллэгийг сайжруулах, хурдан сэтгэж сургах, авхаалж самбааг сорьж сонжиж хөгжүүлэх үүднээс дэмбээ, дайралцаа, гар хурууны таавар, цагаан мод хаях, чоно тарвагацах зэрэг тоглоомуудыг үг үйлээр нь шууд зохион хэлэлцдэг цэцэн цэлмэг улс билээ. Ялангуяа дайралцаанд морин хуур гол үүрэг гүйцэтгэдэг байна.

- Монголчуудын зан үйл, ёс зүй, хөдөлмөр амьдралыг билэгдсэн баяр наадам ёслолтой холбогдсон бичил ерөөлөөс аваад томоохон ерөөл магтаал хэлдэг уламжлал түгээмэл байсан. Ерөөл магтаалыг морин хуургүйгээр төсөөлөхөд бэрх бөгөөд тэдгээрийн мөнхийн дагуул болдог.

- Эцэст нь өгүүлэхэд Монголчуудын төдийгүй дэлхийн дуун ухааны сонгодог нэг төрөл болох уртын дуу морин хуур хоёр нь нэг нь үгүй болоход нөгөө нь өнчирнө гэж үздэг.

Уртын аль ч дуу морин хуурын өнгөөр эгшиглэж эхэлдэг нь ёс ажээ. Харин дуулаачийн дуулах явцад дагаж хөгжимдөн дэмжиж хамт дуулах, хөөж аялгуулах зэргээр төгсгөлдөө хамтран дуурсуулж, шингээн жаргаадаг нь бие биенээ нөхөн гүйцэтгэдэг харилцан шүтэлцээтэй онцлогтой юм.

Уртын дуун онцлог нь олон авиа / зээ, хөө, гүй, аяа, хүү зэрэг/ нугалаа чимэг чимэглэл, хол ойрын үсрэлт, урт эгшиглэл, шуранхайлах, хадаах, эгшиглэлийг татаж авах, тавьж өгөх зэрэг дуулахуйн ухаан, дүй, техник ажиллагаатай холбогдсон тэр онцлогуудыг морин хуур нэгэн адил гүйцэтгэдгээрээ уртын дуутайгаа нэгэн зиндаанд тавигддаг учир энэ чиглэлээр сонгодог хөгжим гэж хэлж болмоор санагддаг. /Эх сурвалж: Морин хуур эхлэн сурах бичиг 2013 он/